/ 1 Мэдээ мэдээлэл / Л.АМАРСАЙХАН : "ЭЭЖДЭЭ ОДОН ЗҮҮЛГЭЖ ИРСЭН ХҮҮ НЬ БОЛОХООР ОДТОЙ ЯВНА ДАА" ГЭЖ ШАГНАЛ АВАХ БҮРТЭЭ БИЛЭГШЭЭДЭГ

Л.АМАРСАЙХАН : "ЭЭЖДЭЭ ОДОН ЗҮҮЛГЭЖ ИРСЭН ХҮҮ НЬ БОЛОХООР ОДТОЙ ЯВНА ДАА" ГЭЖ ШАГНАЛ АВАХ БҮРТЭЭ БИЛЭГШЭЭДЭГ

Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойн баярын хүрээнд онцлох зочноор тус цагдаагийн хэлтсийн харъяа 10 дугаар хорооны хороо хариуцсан цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Л.Амарсайхантай уулзаж, түүний ажил, амьдралын талаар цөөн хором ярилцлаа.

Цагдаагийн байгууллагынхаа түүхт ойн босгон дээр Засгийн газрын шагналаар шагнагдсанд баяр хүргэе. Шагнагдсан мэдээг гэнэт дуулсан гэсэн...

Миний бие цагдаа хэмээх их айлын босгыг алхаж ороод 18 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд хийсэн ажлаа үнэлүүлэн Улсын Их баяр наадам болон Цагдаагийн байгууллагынхаа түүхт 98 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Засгийн газрын шагналаар шагнагдсандаа маш их баярлаж байгаа. Тухайн үедээ юу ч мэдээгүй байсан. 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр туг цэнгүүлэх арга хэмжээний үеэр талбай дээр хамгаалалтад зогсож байтал тасгийн дарга залгаад 14:00 цагт Хууль зүйн яаман дээр бэлэн бай гэсэн. Намайг очиход Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагууд болон Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга маань ирчихсэн байсан. Ингээд л Монгол Улсын Их Хурал Засгийн газрын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос шагналаа гардаж авсан даа. Гэнэт ийм том шагнал аваад сэтгэл маш их хөдөлсөн./инээв/

Шагналын дараахан өгсөн ярилцлагандаа “ЭЭЖИЙНХЭЭ ТӨРСӨН ӨДРӨӨР ТӨРИЙН САЙДААСАА ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА” гэж хэлсэн байсан. Ингэхэд шагналын мэдээгээ гэр бүлийнхэндээ хэрхэн дуулгав.

Үнэндээ ажил ихтэй байсан болохоор ээждээ төрсөн өдрийн мэнд ч хүргэж амжаагүй байсан. Шагнал авсан даруйдаа бүгдийг нь хамтатгаад л утсаар ярьсан даа. Шагнал авсан мэдээг ээж маань бараг хальт сонсоод цаашаа гэрт байгаа хүмүүст хэлээд бөөн баяр болцгоож байгаа дуулдсан./инээв/ Дээрээс нь шагнал авангуут мэдээлэл нь зурагт, facebook-ээр цацагдсаныг ойр дотны хүмүүс болоод найзууд маань харчихаад утсаар залгаад баяр хүргэж байсан.

Шагнал авах сайхан ч дагаад маш олон хариуцлага ирдэг юм шиг санагддаг. Өөрийн чинь хувьд шагналын үнэ цэнийг та юу гэж ойлгодог вэ.

Төрийн албанд тэр дундаа тангараг өргөсөн цагдаагийнхаа албанд ажиллах хугацаандаа хийсэн ажил үүлсээ үнэлүүлж маш олон шагнал авсан. Хамгийн анх Замын цагдаагийн газраас өгсөн “Өргөмжлөл”-өөр эхэлж, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор хэлтсийнхээ “Хүндэт өргөмжлөл”, Нийслэлийн цагдаагийн газрын “Баярын бичиг”, “Сайшаалын үнэмлэх”, Хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Алт, Мөнгөн медаль”, Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгчийн “Хүндэт өргөмжлөл”, Монголын Залуучуудын холбооны “Цэргийн алдар”, “Манлайлагч залуу”, “Шилдэг залуу”, "Хөдөлмөрийн алдар", 2015 онд хэлтсийн “Хүндэт өргөмжлөл”, 2016 онд Цагдаагийн Ерөнхий газрын “Баярын бичиг”, Хэв журам хамгаалах газрын “Аварга”, 2017 онд Цагдаагийн Ерөнхий газрын “Жуух бичиг”, Хэв журам хамгаалах газрын “Хошой аварга”, 2018 онд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагнал гээд тоочоод байвал олон бий. Мөн 2019 оны 01 дүгээр сараас эхлэн Нийтийн хэв журам хамгаалах тасаг маань алба хаагчдынхаа ажлыг 7 хоног бүрээр дүгнэн уралдуулах зорилгоор  "Манлайлагч алба хаагч" болзолт уралдааныг явуулж эхэлсэн ба энэхүү уралдаанд удаа дараа амжилттай дүгнэгдэж, шилдэг хороо цагдаагаар шалгарснаар Нийслэлийн цагдаагийн газрын 1 дүгээр сарын онцлох алба хаагч болсон. Энэ бүхэнд би тухайн үедээ сэтгэл догдолж хүлээн авдаг ч цаана нь асар их хүлээлт, итгэл найдвар дагаж яваа гэж боддог. Бас тухайн мөчид төрдөг хамгийн чухал сэтгэгдэл бол ээждээ одон зүүлгэж ирсэн хүү нь болохоор одтой явна даа гэж билэгшээдэг,/инээв/

Хороо хариуцсан цагдаагийн ажил үүргийн онцлогоос сонирхуулаач. Яг өөрийн тань ажиллаж байгаа хороо бол хот төвд байршилтай хөл хөдөлгөөн ихтэй газар гэж ойлгож байна.

Би хороо хариуцсан цагдаагаар 5 жил ажиллаж байна. Миний хариуцдаг хороо бол бидний сайн мэддэгээр 100 айл буюу барилгын материалын томоохон дэлгүүр, худалдааны төвүүдтэй хүн, машины хөдөлгөөн ихтэй газар л даа. Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр бол хэлтсийн харъяа бусад хороодоо бодвол байшин хороололтой ганц хороо гэдгээрээ онцлогтой. Ер нь бол машины эд ангийн болон халаасны хулгай, залилангийн гэмт хэрэг голлож үйлдэгддэг. Хороон цагдаагийн хийдэг ажил гэвэл хариуцсан хороондоо эргүүл хийнэ, айл өрх, аж ахуйн нэгжээр орно гээд ажил мундахгүй дээ.

Хорооны иргэд өөрийг тань маш сайн танин биз. Ер нь хороон цагдаа бол цагдаагийн байгууллага иргэн хоёрын гүүр болдог чухал ажил юм шиг санагддаг.

Мэдээж тэгэлгүй яахав. Он гарснаас хойш эхний хагас жилийн байдлаар дэвтэр дээрх бүртгэлээ харахад ирсэн дуудлага, мэдээллийн дагуу эргэн шалгах зорилгоор 200 гаруй айлаар биечлэн орж, давхардсан тоогоор 500 гаруй аж ахуйн нэгжтэй уулзсан байна лээ.

Манай хорооны эмээ, өвөө нар бараг бүгд цагдаа шүү дээ./инээв/ Дандаа гадаа агаарлаад сууж байдаг болохоор оршин суудаг хорооныхоо ямар айлд хичнээн хүн амьдардаг гадна дотноос ямар хүн ирснийг ер андахгүй. Тэднийхээ өгсөн мэдээллээр хоёр ч дээрмийн хэрэг дээрээс нь машины эд анги, хучлага хулгайлсан хэргүүдийг илрүүлсэн дээ.

Цагдаагийн алба хаагчийн харилцаа, хандлагад зарим иргэд ам муутай байдаг шүү дээ. Энэ тал дээр таны үзэл бодол ямар байдаг вэ.

Ямарч дуудлага, мэдээлэл дээр очсон дандаа уурлаж бухимдсан, өөдөөс загнаж зандарсан байдалтай орчин л угтана шүү дээ. Тэр бүхэнд Л.Амарсайхан гэдэг хүн биш төрийн төлөөлөл болж очиж байгаа болохоор төр надад тухайн хүнд ямар үйлчилгээг ямар хууль дүрмийн дагуу үзүүл гэж үүрэг болгосон байна тэрийгээр нь л асуудлыг шийддэг дээ. Гэхдээ одоо хүмүүсийн хандлага, ухамсар арай өөр болж, цагдааг муулах биш өөрт үйлчилж байгаа утгаар хандаж харьцдаг болсон байна лээ.

Цагдаа хүн байхын бахархал юу юм вэ. Магадгүй өнгөрсөн хугацаанд шантрах үе гарч байв уу.

Төрийн цагдаа болж тангараг өргөөд сүлдээ тэргүүндээ залчихаад алхаж явах хамгийн бахархалтай байдаг. Энэ бол хэн бүхэн аавын хүүд олдоод байдаг боломж биш л дээ. Анх намайг цагдаад орох гээд сургалтад хамрагдаад явж байхад н.Бямбасүх гээд дэд хурандаа “Цагдаа бол ирсэн болгон ордоггүй, орсон болгон төгсдөггүй, төгссөн болгон хийдэггүй алба шүү” гэж хэлж байлаа. Тухайн үедээ амаргүй л юм байна даа гэж бодож байсан ч нэгэнт өөрөө сонирхож, дурласан болохоор таарсан бүх саад бэрхшээлийг даваад л гарна даа гэж бодож явсаар өдийг хүрчээ. Ер нь бол дүрэмт хувцсаа өмсөх бүртээ л хийморлог мэдрэмж авдаг. Амраад ч юмуу хэд хоног л өмсөхгүй бол саначихдаг ш дээ./инээв/

Шантрах талаар огт бодож байгаагүй. 2003 онд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн харъяа Багшийн дээд пост дээр одоогийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн даргаар ажиллаж байгаа цагдаагийн хошууч н.Хадбаатартай гарч байхдаа хүний амь нас хохироогоод тээврийн хэрэгсэлтэй зугатаасан этгээдийн араас хөөсөн. Мөргөсөн машин Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр орчимд хашааны харанхуй мухарт ороод зогсчихсон байхад нь олоод очтол гэнэт гэрлээ асааж хөдлөөд бид хоёрыг дайрах шахуу өнгөрсөн. Хэрэв тухайн үед хамтрагч маань самбаачилж үсрээгүй бол дайрч унагаад л гарах нөхцөл байдалтай байсан. Ийм эрсдэлтэй дуудлага, мэдээлэл дээр очихдоо өөрийнхөө болон хамтрагчийнхаа аюулгүй байдлыг хангаж ажиллах нь цагдаа хүний хамгийн чухал үүрэг юм байна гэдгийг тухайн үед маш сайн ойлгосон. Бас нэг эрсдэлтэй үе бол бидний сайн мэддэг 07.01 өдөр байлаа. Тухайн үед хамгаалалтад гарч нилээд ачаалал өндөртэй ажилласан болохоор утсаа ч анзаарах завгүй байсан. Сүүлд  нь хартал ойр дотны хүмүүсээс маань 98 дуудлага ирсэн байсан.

Ажил үүргээ гүйцэтгэж явахдаа хамгийн ихээр сэтгэл эмзэглэдэг цаг мөч юу байдаг вэ.

Заавал нэг газар ажиллаж байгаагүй ч гэсэн цагдаагийн алба хаагчидтай холбоотой амь насаа алдсан гэх хүнд хэцүү мэдээг сонсох бүрт өөрийн эрхгүй сэтгэл эмзэглэдэг. Сүүлийн үед олон ч сайхан аавын хүү амь насаа алдаж байна даа. Энэ мөчид би ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмт этгээдийн гарт халуун амиа алдсан мөр зэрэгцэн ажиллаж байсан алба хаагчаа дурсмаар байна.

Талийгаач Д.Батсайхан бид хоёр тухайн үед хамтдаа Цагдаагийн Ерөнхий газрын “Жуух бичиг”-т хэлтсээсээ тодорхойлуулаад очиж анкетаа бөглөж өгөх ёстой байсан юм. Тэр өглөө би түрүүлээд Цагдаагийн Ерөнхий газар дээр оччихсон байтал талийгаач араас залгаж хүрч ирээд хамт сууж анкетаа бөглөж өгөөд явсан. Тэгээд л үдээс хойш нь гэнэт бие нь муу эмнэлэгт ухаангүй байна гэсэн мэдээг сонсоод маш эвгүй байдалд орсон доо./санаа алдав/

Баяр ёслолын үеэр та бүхний ажил ид өрнөдөг болохоор гэртээ баярлах нь ховор шүү дээ. Энэ байдалд гэр бүлийнхэн нь яаж ханддаг вэ.

Хүүхдүүд жаахан байхад эхнэр бид хоёр аав ээж, ах дүү дээрээ аваачиж орхиод ажилдаа явдаг байсан бол одоо том болцгоочихсон болохоор дүүгээ аваад эмээ, өвөөгөө бараадаад явчихдаг болсон./инээв/ Тэр тал дээр ямарч асуудал гарахгүй. Манай эхнэр өөрөө бас цагдаагийн байгууллагад ажилладаг ахмад цолтой бүсгүй бий. Аль аль нь нэг ижил зорилгын төлөө нэг сэтгэл, зүрхтэйгээр зүтгэдэг болохоор нэгнээ үл ойлгох гэсэн асуудал байхгүй ямар ч баяраар хамт гараад л ажилдаа явдаг даа.

Саяхан Нийслэлийн хэмжээний шилдэг хаагчдыг эхний хагас жилийн ажлаар нь дүгнэж шалгаруулахад шилдэг хороон цагдаагаар шалгарч ОХУ-д аялаад ирсэн. Аялалын сонин сайхнаасаа хуваалцаач.

Хэлтэс бүрээс ажлын үр дүнгээрээ тэргүүлсэн мөрдэс нэгт алба хаагчидтайгаа танилцаж, ажлын туршлага солилцоод сайхан аялаад ирсэн. Биднийг явж байхад дарга удирдлагуудын зүгээс “Та нар хийдэг ажлаа сайн хийгээд шалгарсан учир явах хугацаандаа ажил ярихгүй, бодохгүй хэд хоног ч гэсэн тархи толгойгоо сайхан амраагаад ирээрэй” гэж байсан ч өөрийн эрхгүй юм ярихдаа ажил ярьцгаагаад л эсвэл очоод хийх ажил юу билээ гэдгээ бодсоор л явдаг юм байна лээ./инээв/

Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд мөрдэс нэгт нөхөддөө баярын мэндчилгээ дэвшүүлэх боломж олгож байна.

Ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж, хамгаалж ирсэн 98 жилийн түүхтэй энэ сайхан байгууллагынхаа бүлд нь багтаж яваадаа маш их баярлаж, бахархаж байгаагаа юуны өмнө хэлмээр байна. Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ой мэндийг Цагдаагийн байгууллагын үе үеийн дарга, удирдлагууд болон одоо ажиллаж байгаа Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэлтэс, тасгийн дарга, ахлахууд мөр зэрэгцэн ажиллаж байгаа нийт алба хаагчиддаа хүргээд,  ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

ЯРИЛЦСАН Б.ОТГОНЧИМЭГ

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2016-02-28
Эрэн сурвалжилж байна