/ 1 Мэдээ мэдээлэл / З.УЛАМБАЯР : ДҮРЭМТ ХУВЦАС ӨМССӨН БАГЫН НАЙЗАА ХАРААД ЦАГДАА БОЛОХООР СЭТГЭЛ ШУЛУУДСАН

З.УЛАМБАЯР : ДҮРЭМТ ХУВЦАС ӨМССӨН БАГЫН НАЙЗАА ХАРААД ЦАГДАА БОЛОХООР СЭТГЭЛ ШУЛУУДСАН

Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойн босгон дээр ажил албаараа хамт олноо хошуучлан ажиллаж байгаа зарим алба хаагчид онцлох зочноор уригдаж байгаа юм. Энэ удаагийн зочноор Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч З.Уламбаяр уригдлаа.

Цагдаагийн байгууллагатай ажил, амьдралаа хэрхэн холбосон талаар яриагаа эхэлье. 

Хүүхэд байхаасаа л цагдаа хүний өмссөн хувцас хунараас эхлээд сүр жавхаатай байдал нь маш сайхан санагддаг байсан. Тэгээд дээд сургуулиа төгссөн байхдаа гудамжинд багийн найзтайгаа таартал цагдаа болчихсон явж байхыг хараад сэтгэл шулуудан орж байлаа. Анх 2008 оны 6 сард тушаал гарч Сүхбаатар дүүргийн 8-р хороонд хороон цагдаагаар томилогдон ажлын гараагаа эхэлсэн. 2013 онд цагдаагийн хэлтэс 2 хуваагдах үед 2-р хэлтэст харьяалагдан жолооч цагдаа, эргүүлийн цагдаа, хэсгийн байцаагч зэрэг ажлыг хийж байгаад 2018 оны 6 сараас Хэрэг бүртгэх тасагт мөрдөгчөөр томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Цагдаагийн байгууллагад ажиллах хугацаандаа 2 удаа хэлтсийнхээ ажил мэргэжлийн “Аварга”-аар шалгарч, Нийслэлийн цагдаагийн газрын болон Хэрэг бүртгэх албаны “Баярын бичиг”-ээр шагнагдсан.

Таны хувьд одоо хэрэг бүртгэх тасагт харъяалагдан ажиллаж байгаа. Ажлын онцлог юу байдаг вэ?

Манай тасгийн ажлын онцлогын хувьд бусад тасгийн бодвол эрүүгийн хуулийн зөвхөн нэг бүлэг буюу 11 дүгээр бүлгийг шалгадаг. Энэ нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг юм. Энэ гэмт хэрэг нь хоёр хүний тухайн хугацаанд биеэ барьж чадаагүй гаргасан уур бухимдлаас болж бие биедээ гэмтэл учруулснаас болж үүсдэг эрүүгийн хэрэг.

Миний хувьд энэ хэргийг практик дээр өөрөө гардан шалгаж, шийдвэрлэдэг хүний хувьд нэг зүйлд маш их сэтгэл зовнидог. Учир нь энэ хэрэг холбогдож байгаа хүмүүсийн ихэнх нь 25-35 насны ид хийж бүтээх насны залуучууд байна.

Би өөр дээрээ шалгагдаж байгаа залууст энэ гэмт хэргийн хор уршгийн талаар дандаа ярьж, тайлбарлаж өгдөг. Нэгэнт хаа сайгүй баар, ресторан үйл ажиллагаа явуулж, тэр хэмжээгээр нь ч хүмүүс үйлчлүүлж архидан согтуурч байна. Энэ бүхнийг бид зогсоож чадахгүйгээс хойш тэнд орж үйлчлүүлж байгаа хүмүүс маань өөрсдөө хэтрүүлж хэрэглэхгүй байх магадгүй хэн нэгэнтэй муудалцсан тохиолдолд  биеэ барьж тэвчих, хүлээцтэй хандах хэрэгтэй байгаа юм.

Гэр бүлээ танилцуулаач. Бараг ёслол гээд хамгийн чухал үеэр гэр орондоо байх нь ховор хүнд түүнийг маш сайн ойлгодог хань чухал байх.

Би эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Ер нь бол монголын ихэнх уламжлалт баяр, ёслолоор зөвхөн би ч биш цагдаагийн байгууллагад хүчин зүтгэж байгаа хүн бүр гэртээ баярлана гэдэг асуудал ховор доо. Цагдаа хүний хамгийн гол өмөг түшиг багана нь хань байх ёстой болов уу гэж боддог. Миний хань энэ үүргээ маш сайн биелүүлж, миний ажил мэргэжлийг ойлгодог. Тийм ч учраас би сэтгэл зовох зүйлгүй ажлаа хийж явна даа.

Ажлын хажуугаар амжуулж спортоор хичээллэдэг шүү дээ. Дасгал, сургуулилт хийх цагаа яаж зохицуулж байна.

Хүн хичнээн ажил ихтэй байcан ч 7 хоногт 2 өдөр 2 өдөртөө нэг удаад нь 1 цаг 30 минутыг өөртөө зарцуулж дасгал хөдөлгөөн хийж байх ёстой гэж боддог. Дээрээс нь цагдаагийн алба хаагч биеэ хөгжүүлсэн байх нь албаны бэлэн байдалд ч чухал, хувцас пормоо өмсөхөд ч зохицолтой сайхан харагддаг./инээв/

Миний хувьд бэлтгэл сургуулилтыг ихэнхдээ амралтын өдрөөр хийдэг. Сүүлийн жилүүдэд хүчний 3 төрлөөр хичээллэж байгаа. Хамгийн сүүлд 2019 онд зохиогдсон Цагдаа, дотоодын цэргийн хүчний 3-н төрөлт тэмцээнд оролцож, 3-н хос алтан медаль авсан амжилттай байна. Мөн СБД- ээс дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын дунд зохион байгуулсан хөл бөмбөгийн тэмцээнд хэлтсийн хамт олонтойгоо оролцож мөнгөн медаль хүртсэн.

Сүүлийн үед шинэ залуу алба хаагчдаар цагдаагийн байгууллага эгнээгээ тэлж байна. 12 жилийн хугацаанд энэ албыг хашиж, зовлон жаргалыг нь мэдэрч яваагийн хувьд шинээр орж байгаа дүү нартаа хандаж юу хэлмээр санагддаг вэ.

Ихэнх залуус цагдаагийн дүрэмт хувцсанд татагдаж орж ирдэг болохоос цаана нь ямар ажил, ачаалал, үүрэг хариуцлага хүлээж байгааг тэр бүр мэддэггүй байх. Тиймээс шинээр орж байгаа залуустаа хандаж хэлэхэд нэгэнт сэтгэл шулуудаж хувцсыг нь өмсөж мөрдэсийг нь зүүсэн л бол албандаа сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй. Тэгж байж хүссэндээ хүрнэ, ажлын амжилтыг мэдэрнэ.

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Энэ өдрүүдэд цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ой тохиож байна. Мэндчилгээ дэвшүүлэх боломж олгоё.

Миний ажил хөдөлмөрийг үнэлж зочноор урьсанд баярлалаа. Сэтгэл, зүрхээ зориулан ажиллаж яваа 98 жилийн түүхтэй байгууллагтаа хамтран ажиллаж байгаа хэлтсийн алба хаагчиддаа болоод Монголын цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд ойн баяр халуун мэндийг хүргэе.

ЯРИЛЦСАН:Б.ОТГОНЧИМЭГ

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

bvrnee:
66.181.161.74
anddaa amjilt hvsiy
2019-07-23 12:15:34
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2016-02-28
Эрэн сурвалжилж байна