/ 1 Мэдээ мэдээлэл / ​Гоц халдварт өвчнөө санаатай нууж, бусдад тараасан бол 8-15 жилийн хорих ялтай

​Гоц халдварт өвчнөө санаатай нууж, бусдад тараасан бол 8-15 жилийн хорих ялтай

Монголд коронавирус илэрсэнтэй холбогдуулан тус иргэнтэй шууд харилцаанд орсон иргэдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоох ажлыг сэжигтэй тохиолдол гарсан үеэс хойш бүртгэж байсан. Энэ дагуу ХӨСҮТ-өөс тусгаарлах шаардлагатай гэж үзсэн иргэдийг тогтоож, шинжилгээнд хамруулах ажил явагдаж байна. 

Уг мэдээлэлтэй зэрэгцэн нийгэмд ташаа мэдээлэл түгээх, бусдад буруу сэдэл өгсөн мэдээлэл олноор гарч байгаа юм.

Энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, Олон аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Ж.Амгалан:  Нийгмийг бухимдуулсан, сэтгэл санааг самгардуулсан буруу ташаа мэдээлэлд иргэд ул суурьтай хандахыг хүсэж байна. Энэ бол хүний амь нас, эрүүл мэнд, Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас энэ асуудал дээр онцгойлон анхаарахыг хүсье.

Тус Франц улсын иргэний Москвагаас Дорноговь аймагт хүрсэн бүх маршрут тогтоогдсон. Тиймээс маршрутын дагуу бүх ажлуудыг хийж байна. Тус иргэнтэй хамт байсан Идэрболд, Дэжидмаа гэсэн хоёр хүний хувьд Идэрболд  нь гуравдугаар сарын 10-нд Улаанбаатар хотод тусгаарлагдсан. Харин Дэжидмаагийн хувьд өглөө энэ талаар мэдсэн дариудаа өөрийн санаачилгаар Дорноговь аймагт тусгаарлагдсан байгаа.

Манай Улсын хуульд халдварт өвчинг санаатай тараасан тохиолдолд тодорхой хэмжээний арга хэмжээ авна. Арга хэмжээг халдварт өвчин намдсаны дараа авдаг журамтай” гэлээ.

Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэнд дараах хуулиудыг үндэслэн хариуцлага тооцно. Үүнд:

-Зөрчлийн тухай хууль болон Эрүүл мэндийн тухай хуульд “Бусдын эрүүл мэндэд аюул учруулах халдварт өвчтэй хүн, нян тээгч, тэдгээртэй хавьтагчийг тусгаарлах, эсхүл хөл хорио тогтоох журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж иргэнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 5000 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

-Харин халдварт өвчнөө эмчлүүлэхээс санаатайгаар нуусан өөр бусад хүмүүст халдаасан байвал Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлд заасны дагуу бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомстлын вирусийг бусдад зориуд халдаасан бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.

-Энэ гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүний эсрэг, хүүхдийн эсрэг үйлдсэн бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-Түүнчлэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан, хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол Эрүүгийн хуулиар 8-15 жил хүртэл хугацаагаар хорих, энэ гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулж, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял тус тус шийтгэхээр заасан байдаг ажээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2016-02-28
Эрэн сурвалжилж байна