/ Бусад мэдээлэл(Хууль эрх зүй) / Байгууллагын дотоод журам

Байгууллагын дотоод журам

                                                                                         Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргын 2014 оны              

                                                                    10 дугаар сарын 28-ний өдрийн 61 тоот

                                      тушаалын  хавсралт.

 

 

СҮХБААТАР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР

ХЭЛТСИЙН  ДОТООД ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.  Энэ журмын зорилго нь Цагдаагийн албаны  тухай, Төрийн нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж, тус цагдаагийн хэлтсийн төв байранд ажиллагсад үр бүтээл, идэвхи, санаачлагатай ажиллах нөхцлийг бүрдүүлэх, тэдний хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, сахилга, дэг журмыг бэхжүүлэхэд оршино.           1.2.  Тус хэлтэс нь үйл ажиллагаандаа Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Цагдаагийн албаны  тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам болон энэхүү журмыг мөрдлөг болгон ажиллана.

1.3. Энэ журмыг цагдаагийн алба хаагч болон гэрээгээр ажил үйлчилгээ эрхэлж байгаа ажиллагсад, гаднаас хэлтсийн  төв байранд үйлчлүүлэхээр ирсэн иргэд нэгэн адил дагаж мөрдөнө.

1.4. Энэ журмын хэрэгжилтэнд тус хэлтсийн Дэмжлэг үзүүлэх тасгийн дарга хяналт тавьж ажиллана.

 

Хоёр.Удирдлага зохион байгуулалт

2.1. Хэлтсийн төв байрны удирдлагыг хэлтсийн дарга, тасгийн дарга нар хэрэгжүүлнэ.

2.2. Тус хэлтсийн даргын дэргэд зөвлөх эрхтэй удирдлагын зөвлөл ажиллах бөгөөд зөвлөл нь 7 хүний бүрэлдэхүүнтэй байх ба зөвлөлийн гишүүдийн албан тушаалыг Нийслэлийн Цагдаагийн газрын даргын тушаалаар батална. Зөвлөл нь үйл ажиллагааны дүрэмтэй байна.

2.3. Удирдлагын тухайн шатанд ажиллаж байгаа дарга нь хариуцсан тодорхой үүрэг чиглэл, ажлын үр дүн, үйл ажиллагааны хэрэгжилтийг дээд шатны даргын өмнө хариуцна. Байгууллагын даргыг эзгүй байх хугацаанд түүний ажлыг дэд дарга түр орлон гүйцэтгэнэ.

2.4. Алба хаагчдын ажлын хариуцлага, албан үүргээ гүйцэтгэсэн байдал, ажлын цаг ашиглалт, ажлын үр дүн, сахилга ёс зүй, олон нийтийн ажилд оролцсон байдал, өгсөн үүрэг даалгаврын биелэлт зэргийг харгалзан сарын үндсэн цалинг үр дүнгийн гэрээнд зааснаар хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

2.5. Алба хаагч, ажиллагсад удирдлагын гаргасан шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч биелүүлдэг байх, удирдлага гаргасан шийдвэрийнхээ талаар ажилтны саналыг сонсдог харилцан уялдаатай эргэх холбооны зарчмыг хэрэгжүүлнэ.

2.6. Удирдлагаас алба хаагч, ажиллагсдын дунд чөлөөт ярилцлагыг зохион байгуулах, санал хүсэлтийг ил тод, чөлөөтэй хүлээн авдаг систем тогтоох, ажилтнуудын санал бодлыг сонсож, санал шүүмжлэлийг тусгаж авдаг, энэ нь тухайн нэгжийн ажлын үзүүлэлт, үнэлгээнд тусгагддаг байх зарчмыг нэвтрүүлнэ.

2.7. Алба хаагч, ажиллагсад нэгдмэл нэг үзэл санаатай байж, нэгдсэн удирдлага дор бие биедээ тусалж дэмжин, цагдаагийн байгууллагын алсын хараа, эрхэм зорилгод хүрэх арга замыг хамтдаа бий болгоход алба хаагч, ажиллагсад бүрийн үүрэг, хариуцлага, эрмэлзлэл чиглэгдэнэ.

2.8. Хэлтсийн удирдлага, алба хаагч, ажиллагсад иргэдтэй харилцахдаа “Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт”-ыг чанд мөрдөнө.

2.9. Төв байр нь 24 цагийн байнгын хариуцлагатай зохицуулагчийн хяналтад байна.Төв байрны алба хаагч, ажиллагсадын ажлын цагийг тогтоохдоо Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Ажлын болон цайны цагийг тогтоох /код 925/ журам”-ыг баримтлах бөгөөд ажил өглөө 08.00 цагт эхэлж, орой 17.00 цагт дуусна. Өдрийн завсарлага 12.00-13.00 цагийн хооронд байна. Ажлын өдрийн үргэлжлэх нийт хугацаа 8 цаг байна.

2.10. Хэлтсийн дарга болон дэд дарга нь төв байрны хариуцлагатай зохицуулагч, жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний 24 цагаар ажилласан тухай мэдээтэй өглөө бүр танилцана.

 2.11. Төв байрны дотоод дэг журмын биелэлтэд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга өдөр бүр хяналт тавьж дүнг хэлтсийн даргад сар бүр танилцуулж, шаардлагатай бол нийт алба хаагчдад мэдээлнэ.

2.12. Тасгийн дарга нар өөрсдийн хариуцсан алба хаагч, ажиллагсдаар дотоод журмыг чанд сахиулах, албаны нууцыг хадгалах, хамгаалуулах, эд хөрөнгө, тоног төхөөрөмж, материал хэрэгслийг бүрэн бүтэн байлгах үүрэг хүлээнэ.

2.13. Алба хаагч, ажиллагсдын ажлын цаг ашиглалт, түүнд тавих хяналт, сахилга, дэг журмыг сайжруулах, дотоод журмыг чанд дагаж мөрдөхөд хэлтэс, тасгийн дарга нар анхаарч ажиллана.

2.14. Төв байрны алба хаагчдын цагийн бүртгэлийг жижүүрийн цагдаа болон Дэмжлэг үзүүлэх тасгийн дарга бүртгэнэ. Тасгийн дарга нар хариуцсан алба хаагчдын цаг ашиглалтын бүртгэлтэй байна. Алба хаагчид төв байрнаас орсон, гарсан болон гадуур ажиллах тухайгаа хариуцсан тасгийн дарга нарт мэдэгдэж жижүүрийн цагдаад бүртгүүлнэ.

Ажилд ирээгүй алба хаагчдын тухайд алба хаагчийг хариуцсан дарга нар нь шалтгааныг тодруулан гэмт хэрэгтэй тэмцэх ажил хариуцсан дэд даргад тухайн өдөрт нь нэн даруй илтгэнэ.

 Шаардлагатай бол хэлтсийн даргад танилцуулна. Мэдэгдээгүй тохиолдолд хариуцлага хүлээнэ.

2.15. Дэмжлэг үзүүлэх тасгийн дарга  ёс зүйн эргүүлийг томилон, хяналт тавьж  ажиллуулна. Хариуцлагатай эргүүл нь бие бүрэлдэхүүний ажлын хариуцлага, сахилга, ёс зүй,  албан үүргээ гүйцэтгэж байгаа байдалд хяналт шалгалт явуулж, заавар зөвлөгөө өгч дүнг өглөөний рапортан дээр танилцуулна.

 

Гурав.Дотоод ажлын зохион байгуулалт

         3.1. Байгууллагын даргыг тухайн өдөр төв байранд ирэхэд нь жижүүрийн ахлах офицер илтгэл өгч, нөхцөл байдлыг танилцуулна.

 3.2. Цагдаагийн эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүнийг 0730-0800 цаг, амралтын өдрүүдэд 0900-0930  цагийн хооронд хүлээлцүүлж, рапорттой танилцахаар ирсэн даргад илтгэл өгч, үүрэг даалгавар авна.

3.3. Шуурхай бүрэлдэхүүнийг /мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, хэрэг бүртгэгч, шинжээч, гэх мэт/ Өглөөний 800 цагаас дараа өдрийн 0800цаг хүртэл цагдаагийн хэлтэс дээр 24 цагаар бэлэн байдалд ажиллуулана.

3.4. Алба хаагч өвчлөх буюу хүндэтгэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй болсон бол өөрсдийн харъяалагдах алба, тасгийн дарга нарт ажил эхлэхээс 2-оос доошгүй цагийн өмнө заавал мэдэгдэж, ажлаа зохицуулах бөгөөд урьдчилан мэдэгдэлгүй ажил тасалсан бол тухайн өдөр ажлаагүйд тооцож хөдөлмөрийн хөлсийг хасаж, хариуцлага хүлээлгэнэ.

3.5. жижүүрийн ахлах офицер нар нь гэмт хэргийн талаар ирсэн дуудлага мэдээлэл болон бусад онцлог үйл явдлын талаар нэн даруй хэлтсийн дарга, дэд дарга нарт мэдэгдэж үүрэг чиглэл авна.

            3.6. жижүүрийн ахлах офицер нар нь эрэн сурвалжлагдаж байгаа хүн, мал, эд зүйлийг санд оруулж, сангаас шүүх ажилд хяналт тавина. /ЦБҮАЖ код-228.15.8/

            3.7. Жижүүрийн ахлах офицер нар нь эргүүлд гарч байгаа алба хаагч нартай 30 минут  тутам станцаар холбогдож удирдлагаар хангана.  

3.8. Цагдаагийн албан хаагч нь ажлын байранд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Дүрэмт хувцас өмсөж хэрэглэх /код-916/ журам”-д заасныг баримтлан дүрэмт хувцас өмсөж хэрэглэнэ. Дүрэмт хувцасны зөрчилтэй алба хаагч, согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг төв байранд нэвтрүүлэхийг хориглоно.

3.9. Дэмжлэг үзүүлэх тасгийн алба хаагч нар долоо хоног бүрийн 1, 5 дахь өдрөөс бусад ажлын өдөр дүрэмт хувцас өмсөхгүй байж болно. Бусад гаригуудад албаны байдлыг илтгэсэн  хувцас өмсөж болно.

3.10. Алба хаагчийн ар гэр, ахуй амьдралд тохиолдсон гачигдлыг харгалзан чөлөө хүссэн алба хаагчдад журмын дагуу цалинтай, цалингүй чөлөөг тасгийн даргын саналыг үндэслэн хэлтсийн дарга тушаалаар олгоно. Тасгийн дарга нар алба хаагчдад зөвхөн тухайн өдрийн чөлөөг олгож болно.

3.11. Алба хаагчдын ажиллах, амьдрах нөхцөл бололцоогоор хангах, тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор”Дундын сан”-г хамт олны хурлаар хэлэлцэн байгуулж болно.

3.12. Хэлтсийн төв байрны хурлын танхимд сургалт, зөвлөгөөн, хүлээн авалт, бусад арга хэмжээ зохион байгуулахдаа хэлтсийн даргаас зөвшөөрөл авч, зохион байгуулагдаж буй үйл ажиллагаанд жижүүрийн ахлах офицер хяналт тавьж ажиллана.

3.13. Байгууллагын албан хэрэг хөтлөлтийг ЦБҮАЖ-ын 120-д заасны дагуу явуулах ба гадны байгууллагад явуулж байгаа албан бичгийг даргад /даргын эзгүйд дэд даргад/ танилцуулан гарын үсэг зуруулна.

  3.14. Зайлшгүй шаардлагатай эрүү болон хэв журмын нөхцөл байдал үүссэн үед хэлтсийн даргын шийдвэрээр үйл ажиллагаа, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах буюу илүү цагаар ажиллуулж болно.

3.15. Эмнэлгийн чөлөө авсан алба хаагч эмнэлгийн хуудас түүнийг орлох баримтыг ирүүлсэн нөхцөлд ажлаас чөлөөлөгдөнө.

3.16. Ажлын цагийг тасалсан хожимдсон хугацаагаар нь буюу хүндэтгэх шалтгаангүй өглөөний шуурхай, хурал зөвлөлгөөн, хичээл сургалт, олон нийтийг хамарсан ажил, жагсаалын үзлэг, сургуулийг 3 удаа, түргэн цугларалт, хүч нэмэгдүүлсэн хамгаалалтыг 1 удаа хожимдсон бол 1 хоног ажил тасалсанд тооцох буюу тухайн үеийн шаардлага, түүнээс үүссэн хор уршиг, үр дагаварын байдлаас  болж  сахилгын арга хэмжээ тооцож, ажлын хоногоос хасна. Алба хаагч, ажиллагсад хурал, зөвлөлгөөн гэх мэт тухайн арга хэмжээ эхэлсэнээс  хойш  хожимдож орохыг хориглоно.

3.17. Амралтын өдөр болон бүх нийтийн амралтын өдөр өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан дохиолдолд нөхөн амраана.

3.18. Алба хаагч нь ажлын бус цагаар өөрийн нөөц бололцоог ашиглан өөрийгөө хөгжүүлэхээр сурч боловсроход байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлж нөхцөл бололцоогоор хангана.

 

Дөрөв. Төв байрны аюулгүй байдлыг хангах

4.1. Төв байрны аюулгүй байдлыг хариуцаж шалган нэвтрүүлэх жижүүрийн цагдаа, Төв байрны жижүүрийн ахлах офицер ажиллана.

4.2. Хэлтсийн байрны аюулгүй байдлын хангах зорилгоор байрны гадна болон дотор давхар бүрт  теле хяналтын камер, металл хайгч зэрэг хяналтын болон хамгаалалтын техник хэрэгслийг байрлуулах бөгөөд байрны жижүүрийн ахлах офицер, жижүүрийн цагдаа нар хариуцан ашиглана. Хэлтсийн хашаа, уурын зуух, граж зэрэг объектыг тогтмол хяналтандаа байлгана.

4.3. Төв байранд нэвтрэх иргэд, алба хаагч, ажиллагсдыг бүртгэн сэжиг бүхий зүйл илэрвэл нэн даруй Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргад мэдэгдэж шийдвэрлэнэ.

4.4. жижүүрийн ахлах офицер нар нь төв байранд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл илэрсэн тохиолдолд нэн даруй таслан зогсоох арга хэмжээ авч, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргад мэдэгдэн харъяаллын дагуу шалгуулахаар шилжүүлэх үүрэг хүлээнэ.

4.5.  Хэлтсийн алба хаагчдын албаны болон өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллах төлөвлөгөөг Нийтийн хэв журмын тасгийн дарга хариуцан улирал бүр шинэчлэн тодотгол хийн хэлтсийн даргаар батлуулан нууцалж, Төв байрны жижүүрийн ахлах офицер  хадгалуулна.

4.6. Төв байрны орчимд болзошгүй нөхцөл байдал үүссэн үед алба хаагчдыг албаны бэлэн байдлын I,II зэрэглэлд шилжин ажиллах төлөвлөгөө, алба хаагчдын түргэн цугларалтын схем, хаягийн бүртгэлд Нийтийн хэв журмын тасгийн дарга хариуцан сар бүр шинэчлэн тодотгол хийн хэлтсийн даргаар батлуулан нууцалж, жижүүрийн ахлах офицер нарт хадгалуулна.

4.7. Жижүүрийн ахлах офицер, мэдээлэл хүлээн авагч цагдаа, жижүүрийн цагдаа нар Цагдаагийн албаны тухай хууль, энэхүү журам болон хоорондоо харилцах, албандаа ашиглах галт зэвсэг, тусгай хэрэгсэл, тэднийг хэрэглэх заавартай холбоотой эрх зүйн актуудыг заавал судалсан байх бөгөөд үйл ажиллагаандаа өдөр тутам баримтлан ажиллана.

4.8. Жижүүрийн ахлах офицер нар /жижүүр/-т өрөөний түлхүүрийн 1 хувь хадгалагдана. Тухайн өрөөний алба хаагч байхгүй үед гал гарах, ус алдах зэрэг шаардлага гарсан тохиолдолд хөндлөнгийн гэрчтэй онгойлгож, цоожилно. Энэ тохиолдолд тухайн өрөөний алба хаагчдыг нэн даруй дуудан, хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар илтгэх хуудас бичиж тэмдэглэл хөтөлнө.

           4.9. Ажил тарсаны дараа жижүүрийн ахлах офицер нар өрөөнүүдийн лац, ломбыг нэг бүрчлэн үзэж, зөрчлийг нэн даруй засуулна.

 

Тав. Шалган нэвтрүүлэх

5.1. Төв байранд хэлтэс, тасгийн дарга нараас бусад алба хаагчдын албаны үнэмлэхийг шалгаж, бүртгэж нэвтрүүлнэ.

5.2. Хурал, цуглаан зэрэг нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдах үед уг арга хэмжээнд оролцох эрх бүхий алба хаагчдыг нэвтрүүлнэ.

5.3. Шалган нэвтрүүлэх жижүүрийн цагдаа нь алба хаагчидтай уулзахаар ирсэн иргэдийг угтан авч, иргэдийн гар тээшийг шалгаж, бүртгэл хөтлөн шалган нэвтрүүлнэ.

5.4. Албаны болон хувийн ажлаар алба хаагчидтай уулзахаар ирсэн иргэнийг тухайн алба хаагч гарч ирж, угтан авч уулзах бөгөөд шаардлагатай бол тухайн алба хаагч жижүүрийн цагдаад бүртгүүлж, гарын үсэг зурж авч орох ба уулзаж дуусаад мөн өөрийн биеэр үдэж гаргана.

5.5. Алба хаагчийн хүлээн авч оруулсан иргэн өөр бусад алба хаагчдын албаны өрөө, тасалгаагаар орох, хэсүүчлэх зэрэгт жижүүрийн цагдаа хяналт тавьна.

5.6. Төв байранд нэвтрэх иргэдийн гар тээшийг шалгаж, бүртгэл хөтлөн шалгаж бүртгэсэн бүртгэлээ Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргад дараа өдрийн өглөөний мэдээлэл дээр танилцуулна.

5.7. ЦЕГ, НЦГ болон бусад газар хэлтсийн удирдлагууд, албан ажлаар ирсэн гадаадын иргэд албан ёсны уулзалт хийх тохиолдолд тэднийг жижүүрийн ахлах офицер угтан авч хэлтсийн даргад мэдэгдэн өрөөнд нь хүргэн өгнө.

5.8. Дүрэмт хувцасны зөрчилтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн цагдаагийн алба хаагч, иргэдийг нэвтрүүлэлгүй зөрчлийг шалгаж, шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд шилжүүлнэ.

5.9. ЦЕГ, НЦГ-ын дарга, тэргүүн дэд, дэд дарга нар болон бусад газар хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүд, зочин төлөөлөгчдийн тээврийн хэрэгслийг орж, гарахад жижүүрийн ахлах офицер автомашины зогсоолын талбайг чөлөөтэй хөдөлгөөнд оролцох нөхцлийг бүрдүүлнэ.

5.10. Төв байрны автомашины зогсоолын талбайд хэлтсийн дарга болон албаны тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслийг байрлуулахыг хязгаарлана.

5.11. Цагдаагийн байгууллагын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед хувийн ажлаар ирсэн иргэдийг нэвтрүүлэхийг хориглоно.

 

Зургаа. Цагдаагийн байгууллагад хүргэгдэн ирсэн иргэдэд тавих хяналт,

 шийдвэрлэлт.

            6.1. Алба хаагчид Монгол улсын үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль, ХЗСайд болон ЦЕГ-ын дарга, дэд даргын ажлын чиглэл, ЦЕГазар, НХЖХГазар, НЦГазар, хэлтсийн удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийг мөрдөж ажиллана. 

6.2. Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн, болон машинт эргүүл, кабонд үүрэг гүйцэтгэх алба хаагч нар өдөр бүр 09.00 цагт ээлжийг хүлээлцэнэ.

            6.3. Цагдаагийн байгууллагад хүргэгдэн ирж байгаа иргэдэд жижүүрийн ахлах офицерын хяналт, удирдлагын дор явагдана.

            6.4.  Иргэдийг хүлээн авах, хяналт тавих, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль, ЦБҮАЖ-ын Албадан эрүүлжүүлэх /код 626/ заасан журмын дагуу ажиллаж, ухаангүй согтуу, биедээ ил харагдах гэмтэл, шархтай, халдварт өвчтэй иргэдийг 103 дуудаж шилжүүлэн өгөх ба яаралтай тохиолдолд дүүргийн нэгдсэн эмнэлэгийн хүлээн авахад шилжүүлэх, зөрчил гаргаагүй иргэдийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгнө.

            6.5. Газар дээр нь шийдвэрлэх боломжтой асуудлыг хэлтсийн жижүүрийн ахлах офицерт танилцуулж хууль зүйн дагуу шийдвэрлэнэ.

            6.6. Зөрчил гарган цагдаагийн байгууллагад хүргэгдэн ирсэн хүмүүсийг жижүүрийн ахлах офицерын удирдлаган дор төв байрны цагдаа, телекамерын хяналтаар тасралтгүй, биечлэн 30 минут тутамд шалгаж, хяналт тавин шаардлагатай бол нөхцөл байдлыг тэмдэглэнэ.

            6.7. Захиргааны зөрчил хариуцсан ахлах байцаагч, хороо хариуцсан хэсгийн байцаагч нар саатуулагдсан хүн нэг бүрийн гарын дардасыг шинжээч нараар авахуулж, папилон санд өдөр бүр оруулан 14.00 цагт түр саатуулагдсан хүмүүсийг холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгч, шийдвэрлэж дуусгана.

           

Долоо. Галын аюулаас урьдчилан сэргийлэх

7.1. Төв байрны галын аюулгүй байдлыг хангахад Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Галын аюулгүй байдлыг хангах /код 125/ журам”-ыг баримтална.

7.2.  Төв байрыг гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор  гал гарах үед ажиллах төлөвлөгөө, схем, зураглалыг  дарга баталж мөрдүүлнэ. Байрны давхар бүрт гал унтраах хор, усны хоолойг бүрэн ажиллагаатай байлгах үүргийг аж ахуйн ажилтан хариуцна.

 

Найм. Алба хаагчдын үүрэг

            8.1. Ажлын байранд Монгол улсын хууль тогтоомж, цагдаагийн байгууллагын хэмжээнд мөрдөж байгаа дүрэм, заавар, журмыг чанд сахин биелүүлж, захирах, захирагдах ёсыг ёсчлон мөрдөнө.

           8.2. Алба хаагч нар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд үр дүнтэй хийж гүйцэтгэж, танилцуулж байна.

8.3. Иргэдтэй зөв боловсон, соёлтой харьцаж, төрийн үйлчилгээг жигд шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн, шуурхай байх зарчмыг баримтлан, иргэдэд таатай сэтгэгдэл төрүүлэхээр байна.

8.4. Төв байранд тамхи татах, архидан согтуурах, элдэв төрлийн тоглоом тоглох, дуу хөгжим чанга тавих, бие биетэйгээ зүй бус харьцах, бусдыг ажиллахад саад хийхийг хориглоно.

8.5. Дотоод журам, ажлын цаг ашиглалт, албаны нууцлалыг хадгална.

8.6. Үйлчлэгч нарын ажлыг хүндэтгэж, ажлын байр, орчин тойрноо бохирдуулахгүй, цэвэр тохилог байлгана.

8.7. Ажил тарахын үед албан өрөөний галын аюулгүй байдлыг шалгаж, хаалгыг зориулалтын дардас бүхий лацаар лацдаж бүртгүүлнэ. Лац хөдөлсөн тохиолдолд Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргад мэдэгдэнэ.

8.8. Албан болон хувийн ажлаар алба хаагчидтай уулзахаар ирсэн иргэдийг төв байранд нэвтрүүлэхдээ төв байрны жижүүрийн цагдаа хариуцан хөтөлдөг бүртгэлийн дэвтэрт тухайн иргэний орсон, гарсан цагийг тэмдэглүүлэн гарын үсгээ зурж байх.

8.9. Цагдаагийн алба хаагч нь ажлын байранд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Дүрэмт хувцас өмсөж хэрэглэх /код 916/ журам”-д заасныг баримтлан дүрэмт хувцас өмсөж хэрэглэнэ.

8.10.  Алба хаагч, ажиллагсад гүйцэтгэж буй ажилдаа идэвх чармайлт гарган ажиллаж, амжилтаа ахиулах, хамт олныг тэргүүлэгч байх эрмэлзэлтэй, орчиндоо идэхитэй байж, өөрийгөө хөгжүүлэх чадвартай байна.

8.11.   Ажлаас чөлөөлөгдөх, халагдах буюу албан тушаал өөрчлөгдөж буй алба хаагч нь хариуцан гүйцэтгэж байсан албан ажлын холбогдолтой материал, баримт бичгийг тухайн нэгж /хэлтэс, тасаг/-ийн даргыг байлцуулан ажил авах, хүнд /хэрвээ ажил авах, хүн томилогдоогүй тохиолдолд тэмдэглэл үйлдэж тухайн нэгжийн даргад/ тавилга, төхөөрөмж, техник хэрэгсэл, лацны тэмдэг, дүрэмт хувцас, үнэмлэх, четон, чимэг хэрэгсэл болон ашиглаж байсан эд хөрөнгийг санхүүд /нярав/-д  тус тус хүлээлгэн өгнө.

8.12. Ажлаас чөлөөлөгдөх өөр албанд шилжих албанаас халагдаж буй алба хаагчийн тойрох хуудсыг хүний нөөцийн ажилтанаас авч бөглүүлэн, санхүүгийн эцсийн тооцоо хийсний дараа түүнд ажлаас чөлөөлсөн, шилжүүлсэн, халагдсан тухай шийдвэр ба эрүүл мэндийн даатгалын дэвтэрийг ахлах  нягтлан бодогч хүлээлгэн өгнө.

8.13.  Алба хаагч ажиллагсад нь албаны өндөржүүлсэн байдлын үед ажилд ирэх, завсарлах, завсарлаад ирэх, ажлын цагаар гадагш явах, буцаж ирэх, ажил тарах бүрт харъяалах тасгийн даргадаа бүртгүүлнэ.

   8.14. Тасгийн дарга, ахлах байцаагч нар нь хариуцсан алба хаагч, ажилтнуудаараа дотоод журмыг чанд сахиулах, албаны нууцыг хамгаалах, эд хөрөнгө, тоног  төхөөрөмж, материал хэрэгсэлийг бүрэн бүтэн, цэвэр цэмцгэр байлгах үүрэг хүлээнэ.

   8.15. Алба хаагч, ажиллагсад нь эд хөрөнгө, техник хэрэгсэл, материалыг хайрлан хамгаалж, хэмнэлттэй зарцуулж, өрөө тасалгаа, ажлын байраа эмх цэгцтэй байлгана.

    8.16. Албан тасалгаанд гадны хүн болон  түр саатуулагдсан этгээд, сэжигтэн, яллагдагчийг  хараа хяналтгүй орхих, гавлаж удаан хугацаагаар байлгахыг хориглох бөгөөд, ажлын  цагаар үүрэгт ажилд холбогдолгүй үйл ажиллагаа явуулахгүй байна.

     8.17.  Цагдаагийн хэлтсийн нийт алба хаагчид  холбооны хэрэгсэл, гар утсыг 24 цагаар цэнэгтэй, нээлттэй  байлгана. Гар утас, холбооны хэрэгслийг салгасан, шалтгаангүйгээр утсаа аваагүй алба хаагчдыг албаны бэлэн байдал хангаагүйд тооцож хариуцлага тооцно.

 

Ес. Хүний нөөцийн талаар

9.1. Батлагдсан орон тоо, томилогдсон албан тушаалыг дур мэдэн  өөрчлөх, хамааралгүй ажил үүрэг гүйцэтгүүлэх, шинэ албан тушаал, орон тоо бий болгох зэргээр Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг зөрчиж албаны эрх мэдлээ хэтрүүлэхийг хориглоно.

9.2. Энгийн их дээд сургууль, Цагдаагийн академи, магистрантур, докторантурт суралцах алба хаагч өргөдлөө гаргаж тасаг албадынхаа саналыг албан ёсоор авч зөвлөлийн хурлаар  эцэслэж шийдвэрлэгдэнэ. Зөрчсөн албан хаагч сургууль дамжаанд  элсэн суралцах эрхгүй.

9.3. Алба хаагчдыг  төвийн болон төрийн дээд шагналд тодорхойлох,  албан тушаал  дэвшүүлэх, бууруулах, шилжилт  хөдөлгөөн хийх, бүтэц орон тооны асуудлыг  албан ёсоор  хэлтсийн  зөвлөлд  оруулж танилцуулж санал, дүгнэлтийг авч  эцэслэн шийдвэрлүүлнэ.

 

Арав.Үнэт цаасны олголт,  тооцоололтын

талаар

10.1. Хороо хариуцсан хэсгийн байцаагч, хэв журмын офицер нарт 1 удаад 5-аас дээшгүй, төвийн эрх бүхий алба хаагчдад  3-аас дээшгүй шийтгэвэр, тасгийн дарга нарт  1 сард  1.000.000 /нэг сая / хүртэл төгрөгний, алба хаагчдад 100.000 төгрөгний  торгуулийн тасалбарыг тус тус олгоно.

Санхүүтэй тооцоо хийж дуусгасны дараа  дахин олголтыг хийх бөгөөд  нийлбэр дүнгээрээ дээрхи тогтоосон хэмжээнээс  хэтрүүлэхгүй  байна.

10.2. Санхүүгийн бүртгэл тооцоонд албан ёсоор шилжилт хөдөлгөөн хийлгэлгүй дур мэдэж шийтгэврийг тасаг, албад, алба хаагчид хоорондоо шилжүүлж  хэрэглэхийг хориглоно.

10.3. Тогтоосон журмыг зөрчсөн, шийтгэвэр, торгуулийн хуудас үрэгдүүлсэн, засварласан, хүчингүй  болгосон, тооцоо хийгээгүй тохиолдолд буруутай алба хаагчдын нэрсийг ахлах нягтлан бодогч зөвлөлийн хуралд  сар бүр танилцуулж хариуцлага тооцуулна.

 

Арван нэг. Шагнал урамшил олгох, нийгмийн асуудал шийдвэрлэхэд  харгалзах давхар шалгуурүзүүлэлтүүд

Монгол улсын Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 924 дүгээр зүйлээс гадна дараахи үзүүлэлтийг нэмэлтээр харгалзана. Үүнд:

11.1. Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, хуулийн дээдэлдэг, ажлын үр дүн, амжилт нь тогтворжсон, сахилга ёс зүй, ажлын цаг ашиглалтаараа бусдыгаа үлгэрлэн   манлайлсан байх.

11.2. Хамт олны дунд нэр хүндтэй  тэдний дэмжлэг, итгэлийг хүлээсэн байх.

11.3. Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн сарын үр дүнгээр  цалин хасуулаагүй сахилгын шийтгэлгүй байна.

11.4. Тухайн алба хаагчийн ажлын үндсэн гол үзүүлэлтүүд  улсын дундажид хүрсэн, урьд онуудын тогтоосон амжилт, үр дүнгээс  буураагүй байх ёстой.

11.5. Үр дүнгийн урамшуулал  сахилгын шийтгэлтэй, цалингаа тодорхой хувиар 2 буюу түүнээс дээш хасуулсан, ажлын үндсэн үнэлгээ нь D, F үнэлгээтэй  тохиолдолд олгохгүй. Банкны зээл бусад төлбөрийг зөвхөн алба хаагч хариуцах ба цагдаагийн байгууллага хариуцахгүй.

 

Арван хоёр :Сарын цалинг хэлбэлзэлтэй олгох,  шагналд

тодорхойлох, нэр дэвшүүлэхэд баримтлах зарчим.

12.1. Цагдаагийн  хэлтсийн, тасаг албадууд сар бүр, алба хаагчдын бүрийнхээ бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээг 23-ны дотор дүгнэж, үр дүнгээр нь цалинг хэлбэлзэлтэй олгох асуудлыг хэлэлцэж, 25-ны дотор хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлүүлж байна.

12.2. Хагас, бүтэн жилийн  эцэст алба хаагчдынхаа ажлыг үзүүлэлт нэг бүрээр нарийвчилан гаргаж, нарийн шалгуураар өрсөлдүүлэн дүгнэж баярын бичиг, мөнгөн шагнал, бусад байгууллагын болон дээд байгууллагын шагналд   тодорхойлох хэлтсийн хөдөлмөрийн аварга, тэргүүнээр шалгаруулахаар нэр дэвшүүлэх, урамшуулал олгох асуудлыг  дотооддоо хэлэлцэж хэлтсийн даргын зөвлөлд санал оруулна.

12.3. Мөн тасаг, албадаас цагдаагийн хэлтсийн ажилд туслалцаа, дэмжлэг үзүүлсэн, үр бүтээлтэй хамтран ажилласан 3-аас доошгүй  байгууллага, иргэнийг тодорхойлж цагдаагийн  хэлтсийн шагналаар шагнуулж болно.

     

            Арван гурав. Дотоод журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

13.1. Дотоод журамыг удаа дараа зөрчсөн гэрээтээс бусад алба хаагч нарт ЦБҮАЖ-д заасны дагуу хариуцлага тооцон, холбогдох албан тушаалтанд танилцуулна.

13.2. Гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэж байгаа энгийн алба хаагч нар ажлын цаг ашиглалт хангалтгүйгээс сануулга, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, сахилгын зөрчил удаа дараа гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна.

 

 

 

СҮХБААТАР  ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН

ХОЁРДУГААР ХЭЛТЭС

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2016-02-28
Эрэн сурвалжилж байна